Өмнөд Солонгосын Гаалийн албанаас мэдэгдсэнээр, тус улс түүхэндээ хамгийн их хэмжээтэй буюу 1.7 тонн кокаиныг хураан авч, хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдуулан дөрвөн сэжигтнийг прокурорт шилжүүлжээ.
Хураагдсан уг кокаины хэмжээ нь ойролцоогоор 57 сая тунтай тэнцэх бөгөөд 4 дүгээр сарын 2-нд Зүүн эргийн Каннын боомтод орж ирсэн 32,000 тоннын даацтай ачааны хөлгөөс илэрсэн байна.
Гаалийн албаны ахлах ажилтан Шин Гён Жин: “Энэ бол БНСУ-ын түүхэн дэх хамгийн том хэмжээний кокаин оруулах оролдлого бөгөөд олон улсын хар тамхины сүлжээтэй холбоотой хэрэг юм. Манай улс кокаины аюулаас ангид биш гэдгийг энэхүү тохиолдол тодорхой харуулж байна” гэж мэдэгдэв.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-оос ирүүлсэн мэдээллийн дагуу эхэлжээ. Мэдээлэлд дурдсанаар, дээрх ачааны хөлөг дээр их хэмжээний кокаин нуусан байж болзошгүй тухай мэдээлэл байжээ.
Энэхүү мэдээллийн дагуу Солонгосын Гаалийн алба болон Тэнгисийн цагдаагийн газар хамтарсан ажиллагаа явуулсан байна.
Шалгалтын явцад нийт 8 хөлгийн багийн гишүүн хар тамхи тээвэрлэх хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд тэднээс 4 этгээдийг баривчлан прокурорт шилжүүлсэн бол үлдсэн 4 нь хөлөг онгоц Солонгосын боомтод ирэхээс өмнө Филиппинд буцсан байна.
Одоогоор Филиппин рүү буцсан 4 сэжигтнийг саатуулах зорилгоор Интерполоор дамжуулан улаан зар түгээж, олон улсын эрэн сурвалжилга эхлүүлжээ.