БНСУ 2027 он гэхэд бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй болгохоор зорьж байна

БНСУ-ын Засгийн газар 2027 он гэхэд бүх 3–5 настай хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгохоор зорьж, энэ долдугаар сараас эхлэн 5 настнуудын цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн зардлыг төрөөс бүрэн даахаар шийдвэрлэжээ.
Боловсролын яамнаас мягмар гарагт мэдээлснээр, 2025 оны хоёрдугаар хагас жилд 128.9 тэрбум воны (92.6 сая ам.доллар) төсөв батлагдсан бөгөөд энэ нь улсын хэмжээнд цэцэрлэг болон өдөр өнжүүлэхэд хамрагдаж буй ойролцоогоор 278,000 таван настай хүүхдэд зориулагдсан байна.
Энэхүү бодлого нь Ерөнхийлөгч Ли Жэ Мёны сонгуулийн үеэр амласан, төрийн хариуцлагыг нэмэгдүүлсэн сургуулийн өмнөх боловсролын системийг бүрдүүлэх амлалтын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд
2026 онд 4–5 настнуудыг,
2027 онд 3–5 настай бүх хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй юм.
Өмнөх сорилтууд:
2013 онд 3–5 настнуудын сургуулийн өмнөх боловсролын нэгдсэн хөтөлбөр эхлүүлсэн ч
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хоорондын санхүүжилтийн зөрчлөөс болж, өдөр өнжүүлэх төвүүдэд зардлыг бүрэн хариуцах асуудал тасалдаж байсан.
Үүнээс болж эцэг эхчүүд хувийн болон улсын байгууллагын ялгаатай байдлаас хамааран өндөр зардал хүлээдэг байсан.
Шинэ бодлогын гол агуулга:
Улсын цэцэрлэгүүдэд хичээлээс гадуурх хөтөлбөрийн сард олгох татаасыг 50,000 воноос 70,000 вон болгон нэмэгдүүлнэ.
Өдөр өнжүүлэх төвүүдэд нэмэлт 70,000 вон олгож, бүртгэл, дүрэмт хувцас, хичээлээс гадуурх сургалт, унаа, зугаалга, хоол зэрэг нэмэлт зардлыг даах боломж бүрдүүлнэ.
Хувийн цэцэрлэгүүдийн хувьд, хүүхэд бүрт 110,000 вон нэмж олгож, сар бүрийн 557,000 воны стандарт хураамж болон орон нутгийн татаасын зөрүүг нөхнө.
Тусламжууд нь шууд байгууллагад шилжиж эхэлсэн бөгөөд эцэг эхчүүд дахин төлбөр төлөхгүй байх зорилготой. Хэрэв аль хэдийн долдугаар сарын төлбөрийг төлсөн бол байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй хамтран буцаан олголт эсвэл дараагийн сард шилжүүлэх байдлаар зохицуулалт хийх үүрэгтэй.
Нэмэлт арга хэмжээ:
0–2 насны хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох тусламжийн хэмжээ нэмэгдэж байна.
Өдөр өнжүүлэх төвд бүртгэлтэй 0–2 настнуудын сарын татаас 5% орчим нэмэгдсэн.
Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Кан Мин-гю хэлэхдээ:
“Энэ бодлого бол хүүхэд бүрт ижил гарааны боломж бүрдүүлэх чухал алхам юм. Бид бүхий л хүүхдэд, ямар ч гарал, бүс нутагтай байсан хамаагүй, чанартай боловсрол, асаргаа үзүүлэхийн төлөө дэмжлэгээ үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Түүхэн товчоон:
1959: БНСУ бага боловсролыг үнэ төлбөргүй болгосон
1985: Алслагдсан бүсэд дунд боловсролыг үнэгүй болгож, 2005 онд улс даяар нэвтрүүлсэн
2019–2021: Ахлах сургуульд үнэгүй боловсролыг үе шаттай хэрэгжүүлсэн
0–2 нас: Бүрэн асаргааны татааст хамрагддаг боловч боловсрол биш, нийгмийн халамжийн ангилалд хамаардаг
(Эх сурвалж: The Korea Herald, Yonhap)
Хуваалцах
Жиргэх

"MKOR FAMILY" -д нэгдээрэй