Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Украйн хоёр Хойд Солонгосын олзлогдсон цэргийг Өмнөд Солонгост шилжүүлснээ ил болгосонд харамсаж буйгаа илэрхийлж, энэ нь нууцлалын гэрээг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдлээ.
Ли мягмар гарагт X хуудсандаа, “ил болгох нь олон асуудал дагуулна гэж үзээд, бид нууцлахаар тохиролцсон байсан” гэж бичсэн байна.
Энэ мэдэгдэл нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн илтгэлдээ Украйн саяхан Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост илгээсэн гэж хэлснээс нэг өдрийн дараа гарчээ.
Украины Ерөнхийлөгчийн ажлын алба ч мөн шилжүүлгийг Сөүлтэй шууд яриа хэлэлцээ хийж хэрэгжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Ли энэ асуудал нь дипломат харилцаа, үндэсний аюулгүй байдал, мөн Солонгосын хойгийн аюулгүй байдлын орчинд ихээхэн нөлөөлж болзошгүй маш эмзэг сэдэв гэж онцлов. Сөүл, Киев хоёр шилжүүлгийг олон нийтэд зарлахгүй байхаар тохирсон нь ил болговол гарах эрсдлийг тооцсон хэрэг байжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар өмнө нь тэдний Сөүлд ирснийг батлахаас татгалзаж, олзлогдогсод болон Хойд Солонгост үлдсэн тэдний гэр бүлийн аюулгүй байдал, амь насанд заналхийлж болзошгүй гэж тайлбарлаж байсан.
Хоёр хойд солонгос цэрэг 2025 оны 1-р сард Украйны хүчнийхэнд олзлогдсон бөгөөд ОХУ-ын Курск мужид бусад олон мянган Хойд Солонгосын цэргийн хамт Украйны эсрэг Оросын дайнд дэмжлэг үзүүлэхээр байршуулсан байсан гэж мэдээлжээ.
Ли мөн хүний амь нас хохирч, шархдаж буй ийм хүнлэг бус дайнууд аль болох хурдан дуусна гэж найдаж буйгаа хэлсэн байна.
Эх сурвалж: Yonhap News