Чусокийн баярын хоёр дахь өдөр буюу баасан гарагт Өмнөд Солонгос даяар хурдны замууд хэт ачаалалтай болж, хүмүүс төрөлх нутаг руугаа гарч буйгаас замын түгжрэл эрс нэмэгдлээ. Сөүлээс зүүн өмнөд нутгийн Бусан хот хүртэл явахад 8 цаг 40 минут шаардагдахаар байв.
Солонгосын хурдны замын корпорацийн мэдээлснээр өглөөний 9 цагийн байдлаар Сөүлөөс Мокпо хүртэл 6 цаг 40 минут, Ульсан хүртэл 8 цаг 20 минут, Тэгү хүртэл 7 цаг 40 минут, Кванжу хүртэл 6 цаг 10 минутын хугацаа тооцоолжээ.
Энэ жилийн Чусокийн амралт пүрэв гарагаас ням гараг хүртэл үргэлжилж байна. Солонгосын Талархлын баяртай дүйцэх энэ өдрүүдэд хүмүүс төрөлх нутагтаа очиж, гэр бүлээрээ цугларч, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн ёслол үйлдэж, уламжлалт хоол бэлтгэдэг.
Сөүл рүү буцах хөдөлгөөн ч мөн нэлээд сааталтай байсан бөгөөд Бусанаас Сөүл хүртэл 7 цаг 50 минут, Мокпогоос 7 цаг, Ульсанаас 7 цаг 30 минут, Кванжугаас 6 цаг 50 минут зарцуулахаар байжээ.
Төрийн өмчит тус компани түгжрэл өдрийн 1-2 цагийн хооронд оргилдоо хүрч, оройн 7-8 цагийн үед саарч эхэлнэ гэж мэдээлэв.
Баасан гарагт улсын хэмжээнд нийт 6.84 сая автомашин замд гарахаар байсан бөгөөд үүний дотор Сөүл орчмын бүсээс 470,000 орчим, бусад бүс нутгаас нийслэл рүү 460,000 орчим тээврийн хэрэгсэл зорчихоор тооцоолжээ.
Эх сурвалж: Yonhap News