Украин улс саяхан өөрийн цэрэгт олзлогдсон Хойд Солонгосын 2 цэргийг Өмнөд Солонгост шилжүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Сөүл ч энэ мэдээллийг шууд няцаагаагүй ч дэлгэрэнгүйг батлахаас татгалзсан байна.
Зеленский Лхагва гарагт АНУ-ын цагаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс “Саяхан бид Хойд Солонгосын 2 дайны олзыг Бүгд Найрамдах Солонгос Улсад илгээсэн” гэж хэлсэн байна. Тэрбээр Хойд Солонгосын цэргүүдийг амьдаар нь барихад хэцүү байдгийг онцлоод, нэг нь олзлогдохоо мэдмэгцээ амиа хорлохыг оролдсон гэжээ.
Эдгээр 2 Хойд Солонгосын цэргийг 2025 оны 1 дүгээр сард Украйны хүчнийхэн ОХУ-ын Курскийн бүсэд баривчилсан бөгөөд тэд Оросын дайны ажиллагааг дэмжин байлдаж байсан гэж мэдээлжээ. Тэд Өмнөд Солонгост очих хүсэлтэй байгаагаа өмнөд дэх Хойд Солонгосын дүрвэгсдийн бүлэглэлээр дамжуулан илэрхийлсэн байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам дэлгэрэнгүйг батлах боломжгүй гэж мэдэгдсэн ч тэдний “чөлөөт хүсэл”-ийг хүндэтгэж, асуудлыг олон улсын хууль болон хүмүүнлэгийн зарчмаар шийдвэрлэх байр суурьтайгаа тэмдэглэв.
“Тэдгээр хүнийг шилжүүлсэн эсэх, хэзээ, ямар маршрутаар явуулсан, хоёр улсын хоорондын зөвлөлдөөн ямар нарийн нөхцөлтэй байсан зэргийг батлахад хүндрэлтэй байна” гэж Гадаад хэргийн яамны нэгэн албан тушаалтан хэлжээ.
Тус албан тушаалтан аюулгүй байдлын шалтгааны улмаас нарийн мэдээлэл өгөөгүй ч Украин зэрэг холбогдох улс орон, агентлагуудтай шаардлагатай яриа хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Зеленский нар 7 дугаар сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Анкарад уулзахдаа Украинд олзлогдсон Хойд Солонгосын цэргүүдийн асуудлыг хүний эрхийн үүднээс, мөн тэдний хүсэл зоригийг хүндэтгэн шийдвэрлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: Yonhap News